Том өгөгдөл
Бизнесүүд мэдээллийн технологийг идэвхитэй хэрэглэснээр олон жилийн үйл ажиллагааны дүнд асар их хэмжээний мэдээлэл-өгөгдөл бий болсоор байна. Газарзүйн байршил тогтоох багажууд, даралт, урсгалын хурд, дулаан гэх мэт төрөл бүрийн физик мэдээлэл мэдрэгчүүд, хэмжилтийн багажууд, баркод уншигч, ухаалаг гар утсууд гэх мэт технологийн дэвшил гарсанаар мэдээлэл бий болгох арга олширч компьютер болон серверүүд дээрх мэдээллүүд нь хүний гараар оруулагддаг байсныг хэд нугалахаар хурдацтай хуримтлагдах боллоо. Түүний хэрээр их хэмжээний мэдээлэл дээр төвөггүй ажиллах технологи хэрэгтэй болсон.Нэгэнт их хэмжээний мэдээлэл хуримтлагдаж байгаа учир менежментийн түвшинд мэдээлэл дээр тулгуурлан мэдээллийн аналитик үүсгэж компанийн үйл ажиллагаан дахь шинэ трендийг цаг алдалгүй харж болох боломжууд ч үүсэх хэрэгтэй болно. Хамгийн наад захын жишээ нь сүүлийн 5 жилийн борлуулалтан дээр тулгуурлан жилийн энэ улиралд хамгийн их эрэлттэй барааг олж тогтоох гэх мэт.Хөдөлгөөнт холбооны боломж өссөнөөр хүссэн газраасаа цаг алдалгүй мэдээлэлд хандах боломж ч хэрэгтэй болно. Бүхий л шийдвэр гаргалт мэдээлэл дээр тулгуурлаж байгаа тул мэдээлэлд тасралтгүй хандаж байх хэрэгтэй, тэгэхээр их хэмжээний мэдээлэл гамшигт автахгүйн тулд олон цэг дээр зэрэг хадгалагдах хэрэгтэй болно.Энэ бүх шаардлагаас шалтгаалан дэлхийн бизнес болон мэдээллийн технологийн үгсийн санд “Big data” буюу үгчилбэл “Том өгөгдөл” гэсэн хэллэг нэвтэрсээр удаагүй байгаа билээ. Эдгээр шаардлагыг хангахын тулд бий болсон технологи бол NoSQL юм. NoSQL-ын судалгаа олон жил хийгдсэн бөгөөд ийм төрлийн шинэ өгөгдлийн сангийн системүүд ч бий болон соригдсоор байна. Хамгийн анхлан Google, Facebook мэтийн их хэмжээний өгөгдөлтэй ажилладаг компаниуд компанийн дотоод хэрэгцээнд зориулан ашиглаж эхэлсэн [1] бол одоо нээлттэй эхийн зарчмаар олон хүний гар бие, туршлага оролцуулан хөгжиж буй системүүд ч бий болжээ. Өгөгдлийн сангийн системүүдийн лидер болох Oracle компани хүртэл энэ шаардлагыг ухааран тохирох бүтээгдэхүүнийг хөгжүүлэх болжээ [2].
[1]http://research.google.com/archive/bigtable.html,http://www.facebook.com/notes/facebook-engineering/the-underlying-technology-of-messages/454991608919
[2] http://www.oracle.com/technetwork/database/nosqldb/learnmore/wp-big-data-with-oracle-521209.pdf