17 2024-08

161

0

Интернет худалдан авалт ба дагалдах эрсдлүүд

Tech by admin

Цаг бол алт гэж ярьдаг. Тиймээс ч алтан цагаа хэмнээд гадуур байх өч төчнөөн дэлгүүрүүдийн лангууг тойрон хэсүүчлэлгүй хайсан зүйлээ интернетээс төвөггүй олоод хурдан шуурхай худалдаа хийх нь цаг, мөнгө, биед ч амар.

Интернет дэлгүүрүүд байр сав түрээслэж, бараа борлуулах худалдагч шаардахгүй учир жинхэнэ их дэлгүүрүүдэд байх ижил төстэй бараанаас даруй 20-оос 30 хувь хүртэл хямд байна. Түүгээр ч зогсохгүй хар баасан гарагийн хямдрал, 11 сарын 11-ны хямдрал, өвөл зун, хавар намрын улирлын хямдрал, зул сарын хямдрал, улаан өндөгний баярын хямдрал гээд л тоолж томшгүй олон хямдрал урамшууллууд ар араасаа хөвөрсөөр, худалдан авагчдын хорхойг хүргэж сэтгэлийг гижигдсээр л.

Хулганын ганцхан товшилтоор л гүйлгээ хийгдээд авсан барааг гэрийн тань үүдэнд авчраад өгчихнө. Ингээд бодоод байхад интернет дэлгүүрүүд тийм ч муу сонголт биш юм шигээ.

Гэхдээ л ямар сайн зүйлд саар тал дандаа байдаг хойно. Интернет дэлгүүрүүд ч үүнийг тойрч гарахгүй. Харахад хачин чамин зураг тавьчихсан ч яг бариад үзэхэд тэгэж баригдах нь ховор. Бас заавал түрүүлж төлбөрөө төлөх шаардлагатай. Тэгэхээр яг гартаа барьж үзээгүй зүйлээ худалдаж авч байна гэсэн үг. Хэрэв авсан бараа тань сэтгэлд нийцэхгүй эвдрэл гэмтэлтэй гээд асуудал үүсвэл шийдэх гэж нийлээд цаг үрсэн ажил болно. Мэдээж хэрэг мөнгийг тань нэгэнт л авсан бол тийм ч амар буцааж өгнө гэж байхгүй. Эвдрэл гэмтлийг засах, шинээр солих аль эсвэл дүйцүүлэх бараа сонгон авахыг санал болгоно. Энэ нь бараг л сар гаруй хугацаа шаардана. Тэгээд дахин авсан шинэ бараа тань дахиад л санаанд хүрэхгүй бол яах вэ. Ихэнх үйлчлүүлэгчид дахин дахин солих юм уу эргүүлэх засах просессоос залхаад дахиж нэг их хөөцөлдөлгүй хаячихдаг. Интернетээр худалдаа хийх үед манайхны ярьдгаар хулхидуулах нь ч бас ховор биш. Нэгэнтээ л түрүүлээд төлбөрөө тушаачихдаг, тэгээд ч интернет дансаа хир найдвартай байдгийг мэдэхгүй учраас хакерууд, луйварчдад сайхан найр хийх боломж олгож байгаа юм. Интернет худалдаа хийгчдээс залилуулах, мөнгөө алдах тохиолдол энгийн дэлгүүрээр худалдаа хийгч хүмүүсээр даруй 30 гаруй хувиар их байдаг гэсэн судалгааны дүн гарчээ.

Тэгвэл бид яаж интернетээр найдвартай худалдаа хийх вэ. Үүнд баримтлах хэд хэдэн дүрмүүд бий. Мэдээж найдвартай том сайтуудыг сонгож худалдаа хий. Эргээд ямар нэг асуудал гарсан ч холбоо барих боломжтой, байршил нэр зэрэг бүх мэдээллүүд нь тодорхой, таны өмнө хариуцлага хүлээж чадах интернет дэлгүүрээр үйлчлүүл.

Харамч хүн хоёр дахин их төлдөг гэж оросууд хэлдэг(Жадный платит дважды). Хэрэв дэлгүүрийн лангуун дээрх үнэнээсээ хэт их хямд байвал тэр бараанд ямар нэг асуудал байгаа эсвэл залилан мэхлэгч байх магадлал туйлын өндөр байна гэсэн үг. Иймээс зах зээлийн үнээс хэт доогуур үнэтэй бараа сонгох хэрэггүй.

Янз бүрийн төлбөрийн боломжууд олгодог сайтыг сонго. Интернет худалдаа сайн хөгжсөн Хятад зэрэг оронд хэрэглэгчдэдээ шинэ шинэ сонголтуудыг санал болгодог. Төлбөрөө заавал картаар урьдчилан төлөлгүй барааг яг авах үедээ хүргэж өгч байгаа хүнд нь өгч болдог. Энэ нь танд тэр бараа хуурамч, эсвэл зурган дээрхээсээ ондоо байсан тохиолдолд авалгүй шууд хаалган дээрээсээ буцаах боломжийг олгож байгаа юм. Манайд одоохондоо ийм үйлчилгээ байхгүй ч хэрэв ийм чиглэлийн дэлгүүрүүд нээгдвэл яаж ч бодсон илүү найдвартай, баталгааг гаргаж өгч чаддаг учраас хэрэглэгчид илүү таашааж сонгох байх.

Хятадын Taobao.com зэрэг сайт хэрэглэгчдэдээ шууд бараа борлуулагчтай нь нээлттэй чатлах боломж олгодог. Жинхэнэ эсвэл дуураймал бараа юу, хэдий хугацаанд хүргэж өгөх, хаанаас ирж байгаа, буцаах боломжтой эсэх бүх нарийн мэдээллийг yahoo чат шиг харилцаад мэдээд авч болно.

Интернет сайтаар худалдаа хийх нь нэг төрлийн соёл бөгөөд нарийн сайн суралцах хэрэгтэй. Хэрэв бараа худалдан авах гэж байгаа бол зайлшгүй бусад худалдан авсан хүмүүсийн сэтгэгдэл үнэлгээг нэг бүрчлэн унших хэрэгтэй. Та өөрөө бараа худалдан авчхаад ч бас заавал үнэлгээ, сэтгэгдлээ үлдээж байх хэрэгтэй. Авах эсэхдээ эргэлзэж байгаа хэн нэгэнд тус болох ч юм билүү.

Ингээд хамгийн сүүлд хэлэхэд интернет худалдаа жил ирэх бүр улам боловсронгуй болж хэрэглэгчдэдээ зөндөө шинэ шинэ худалдааны боломжуудыг олгож байдаг ч мэдээж хэрэг өөрийн нүдээр харж, гараар бариж, өмсөж байж авсан зүйл л эргээд бидний биед хамгийн сайн зохицдог байх гэж би хувьдаа боддог.